31/01/2023
Дахиад л амьдралын эрэлд...
Хамгийн халуун сэтгэлтэй, хамтын чин зүтгэлтэй хамтлагаар Uvertura-г нэрлэмээр санагддаг даа. Сонгодог урлагийн сор болсон дөрвөн залуу...Бид эх оронтойгоо хамт, Баярлалаа, Жамаас, Тэнгэр ээж, Өнө мөнх...поп опера чиглэлээр дуулдаг энэ дөрвөн залуугийн дуу зүрхнийхээ хаалгыг савж нээгээд салхинд тэр чигт нь алдаж орхимоор хүчтэй, сонсголонтой. Урлаг бол тэд, дуу бол тэд, бас сэтгэл бол тэд юм билээ. Увертура-гийн залуус ковидын хөл хорионы хүндхэн үед аян өрнүүлж, хамтлагийн гишүүн Ганбаатарын гэр бүлд тохиолдсон асар хүнд бэрхшээлийн ард хамтдаа гарах гэж зүтгэсэн. Тэд чадсан. Санаа нэгтгэсэн нэг гишүүнийхээ сайхан хүүгийн эрүүл мэндийн асуудлыг монголчуудтайгаа хамт шийдсэн. Хажуугаар нь Истанбулд тоглосон орлогоо бариад тус хотын эмнэлэгт хүнд өвчнөөр шаналж буй монгол хүүхдүүдэд өвлийн өвөөгийн бэлэг түгээж сэтгэлийн дэм өгөөд амжсан. Хүний амьдралын зовлон хийгээд жаргалд хязгаар байх ч биш дээ, бяцхан Очир-Эрдэнийн маань хавдар дахиад л үсэрхийлсэн, дахиад л 200 сая төгрөгийн эрэлд, амьдралын эрэлд Увертура хамтлагийн залуус гарсан. Тэд хоёр өдрийн өмнө Истанбулд тоглолтоо хийгээд, орлогоо Очир-Эрдэнэ хүүгийн эмчилгээнд хандивлаад, одоо ч аянаа үргэлжлүүлсээр байгаа. Эх орондоо эмчилгээний зардал босгох зорилгоор ирэх сарын 12-нд тоглоно. Очир-Эрдэнэ хүү хамгийн хүнд хэцүүг туулан тэвчсээр, Увертура-гийн залуус хамгийн халуун сэтгэл өвөрлөн зүтгэсээр...юу гээч, тэд нэгдэж чаддаг, тэгээд зорьж чаддаг. Тэдний хандлага өөр, тэдний чин зүтгэл өөр, тэдний тэвчээр зорилго өөр, тиймээс би Увертура-гийн дуунуудыг амьдралынхаа туршид сонссоор байх болно. Сэтгэл бол тэдний бүтээхүй, зорилго бол тэдний оршихуй. Учир нь Увертура зовлон жаргалын шалгуур дээр нэгдэн зогсож чаддаг энэ цагийн залуусын хамгийн тод сэтгэл, хамгийн том зүтгэл. Чухам энэ чанараас нь би суралцсаар байх болно оо. . Ханагар сайхан аавын чинь найзууд хамтлагаараа зүтгэж байхад хатуужаад босоод ирээрэй, Очир-Эрдэнэ ээ. Чи нэг удаа давж гарсан, одоо бас чадна аа. Хандивын данс нь Ж.Ганбаатар хаанбанк 5300660607 юм билээ шүү. Хамтдаа илүү хүчтэй, бас илүү итгэлтэй.