25/09/2022
Махны өсвөр үхэр бордож шахах!!!
ӨСВӨР ҮХРИЙГ БОРДОЖ ШАХАХ.
Монгол болон нутгийн сайжирсан үхрийг 60 хоног бордоход амьдын жин нь 32.9-33.1 кг-аар буюу хоногт 549-551 грамаар нэмэгдэж харьцангуй өсөлт нь 11.6-12.2 хувь болж байхад бордолгүй ердийн маллагаатай үхрийн амьдын жин 14.0-16.2 кг- р буурч хоног тутамд 233-270 грамаар жингээ алдаж байсан судалгаа бий.
1.Тугалдаа 131-150 кг жинтэй бойжсон өсвөр үхрийг бяруу шүдлэнд нь нь 30-50 кг өсгөхөөр нэмэгдэл тэжээлтэй ,бэлчээрээр өвөлжүүлж,зун,намартаа бэлчээрээр таргалуулаад 2,5 настайд нь борлуулна.Үүний тулд өвлийн улиралд хоногт 3-4 кг ногоон өвс ,сүрлээр тэжээж 0.5-1 кг будааны холимог нэмж өгнө.Хаврын улиралд хүчит тэжээлийг хоногт 2-3 кг хүртэл нэмэгдүүлж өвс ,сүрлийг багасгаж бэлчээрлэх цагийг уртасгана. Үхрийг өдөрт 2-оос доошгүй усалж хужир давс байнга тавьж өгнө.
Зуны улиралд бэлчээрээр оторлон таргалуулж ,намар сөл тасрах үеэр бага зэрэг нэмэгдэл тэжээлээр тэжээнэ.Намар шүдлэнд нь тарга хүчийг тогтоон хоногт 200-300 гр жин нэмэгдүүлэхээр өвс 4-5 кг,1-2 кг будааны холимгоор тэжээж өдрийн цагаар бэлчээнэ.Ийнхүү тааруу өсөлттэй өвөлжүүлсэн эр шүдлэн дараа зун,намар бэлчээрээр сайн таргалж, 2.5 настайдаа 400-450 кг жинд хүрнэ.
2.тугалдаа 151-170 кг жинтэй бойжсон бярууг 50-70 кг өсгөн өвөлжүүлж бэлчээрээр таргалуулаад 3-4 сар эрчимтэй бордож, 400 кг жинтэй 62-63 хувийн махны гарцтайгаар борлуулна. Энэ зорилгоор өвлийн улиралд бярууг хоног тутамд 300-400 гр өсгөхөөр тооцож, ногоон өвс,ногоон сүрлээр байранд тэжээнэ.
Тэжээлийн жорын 70-80 хувь нь ногоон өвс,сүрэл 20-30 хувь нь холимог тэжээл байвал зохино. Хаврын урь ороход өдрийн цагаар аажмаар бэлчээхийн хамт өглөө үдэш өгөх тэжээлийг 3.6- 4.0 кг хуурай бодис бүхий тэжээл өгнө. Ер нь өсвөр үхрийг ямарч тэжээлээр бордсон хоног тутам өгөх тэжээлийг шим бодисоор тэнцүүлж 100 кг жин тутам 2.5-3.5 кг хуурай бодис ,200-300 гр шингэх уураг ,13-14 гр кальци, 7-10 г фосфор,30-40 гр каротин байхаар тэжээлийн жорыг зохионо.
Үхрийг бордохдоо задгай хашаанд байлгаж,өвс даршийг тэжээлийн хайсаар, хүчит тэжээлийг өөрөө дураараа идэж бөйхаар тогтмол цагийн хуваариар тэжээж,өдөрт 1-3 цаг гадуур гаргаж ,шөнө саравчинд байранд дулаан хэвтэрт хонуулна.Хаврийн урь орж, дулаан болох үеэр шүдлэн үхрийг задгай хашаанд хонуулж,өдөр тэжээж, зугаалах цагийг уртасгана.Хуурай тэжээлээр үхэр бордоход тэжээлийг чийглэх буюу будаа дэвтээж, холих ,давс ,чихэрлэгийн зүйлээр амт оруулбал үхрийн тэжээл идэлт сайжирч, түргэн таргална.
Ингэж эр шүдлэн үхрийг 90-120 хоног бордож 2 настайд нь 400-430 кг жинтэй дээд зэргийн буюу дундаас дээш тарга хүчтэйгээр зах зээлд борлуулна.
3.Тугалдаа 171-190 кг жинтэй бойжсон өсвөр үхрийг бяруунд нь байранд тэжээж, 80-90 кг өсгөн өвөлжүүлж, бэлчээрээр таргалуулаад намрын улиралд нэмэгдэл тэжээлээр тэжээгээд 1.5 настайд нь 360-380 кг жинтэй,57-58 хувийн махны гарцтайгаар борлуулна.
Тугалыг эхээс ялгаж, бяруунд нь ногоон өвс даршилсан өвсөөр тэжээж, өвлийн улиралд 400-500 гр ,хаврын улиралд 600-700гр өсгөхөөр хоногт дунджаар 3.6-4.0 кг хуурай бодис бүхий тэжээлийг өгнө. Бярууг хоног тутам тэжээх, тэжээлийн жорын 60-70 хувь нь өвс,дарш 30-40 хувь нь холимог тэжээл байвал зохино.
Зуны халуунд наршиж өсөлт буурах,өөхөн таргаа алдахаас сэргийлж өдрийн халуунд сүүдэрлэх хэрэгтэй. Голдуу өглөө, орой шөнийн цагаар бэлчээрлүүлж, өдөр сүүдэр саравчинд амрааж,өдарт 2-3 удаа усалж, давс ,хужир тавьж өгнө.
Намрын улиралд бярууг хөдөөлүүлэн маллаж ,9 сараас үр тарианы холимгоор /хоногт 1.5-3 кг / тэжээж өөхөн тарга сайтар авахуулна.Намрын хүйтэн салхи цасан шуурганаас бярууг хамгаалж ,сөл тасрах үеэс өглөө,оройн цагаар тэжээж, өдөр бэлчээн шөнө хашаанд хонуулна.Ингээд 1.5 настайд дээд зэргийн тарга хүчтэй бярууг нядалгаанд оруулна.